Байгууллагын хариуцлага ба тогтвортой хөгжил

БАЙГУУЛЛАГЫН ХАРИУЦЛАГА БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Олборлолт ХХК нь байгууллагын хариуцлагын хүрээнд компанийн сайн засаглалыг хэрэгжүүлж, нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрийн өмнө хүлээж буй үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлж, эерэг, үнэ цэнэтэй хувь нэмрийг оруулах замаар байгууллагынхаа зөв, эрүүл өсөлт хөгжил, бизнесийн тогтвортой байдлыг хангах бодлого баримтална. Үүнтэй холбогдуулан Олборлолт ХХК нь тогтвортой хөгжлийн асуудлыг бүхий л бодлого, үйл ажиллагаандаа тусгаж авч үзэн, анхаарч ажилладаг.

screen-shot-2016-11-08-at-1-43-03-pm

Манай компани байгууллагын хариуцлага болон тогтвортой хөгжлийн талаар баримтлах бодлогын суурийг тавьсан “Байгууллагын бизнесийн ёс зүйн дүрэм”-ийг 2015 онд батлуулснаас хойш чанд баримтлан ажиллаж байна. Түүнчлэн манай компани нь ISO 26000: Ниймгийн хариуцлагын олон улсын стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ

Тогтвортой ажлын байр

Аливаа байгууллагын нийгмийн хариуцлагын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь нийгэмдээ ажлын байр бий болгож, тогтвортой хадгалах замаар ажилтнууд болон тэдгээрийн гэр бүл, мөн бизнесийн үйл ажиллагаа явуулж буй тухайн орон нутгийнхаа иргэдийн амьдралыг сайжруулахад бодит хувь нэмэр оруулах явдал байдаг. Бидний хувьд байгуулагдсан цагаасаа хойш ажилтан, албан хаагчдынхаа тоог тасралтгүй өсөн нэмэгдүүлсээр одоогоор /2016 оны хагас жилийн байдлаар/ нийт 100 гаруй иргэдийг тогтвортой ажлын байраар ханган улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Эрүүл мэнд, аюулгүй байдал

Аливаа байгууллага ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх нь нийгмийн хариуцлагын нэн чухал суурь үзүүлэлт болдог. Олборлолт ХХК нь бизнесийн үйл ажиллагааг явуулахдаа эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн хариуцлага, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангаж ажиллах бодлогыг баримталдаг. Энэ хүрээнд бид ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй, найдвартай орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг нэн тэргүүнд тавьдаг. Бид аюулгүй байдлыг хамгийн чухалд авч үзэж, хангаж ажиллахыг эрхэмлэдэг. Бид холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, бусад стандарт, шаардлагуудыг хангаж ажилласнаар аливаа осол, аваар, ажил, мэргэжлийн өвчин, гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах бүрэн боломжтой гэж үздэг. Үүнтэй холбогдуулан байгууллагын эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар баримтлах бодлого нь ажлын орчин, нөхцөлтэй холбогдон гарч болзошгүй аливаа гэмтэл бэртлийг системтэйгээр урьдчилан сэргийлэх, эсвэл бууруулахын зэрэгцээ ажлын байранд гарч болзошгүй аливаа осол, аваар, золгүй явдал, хөдөлмөрийн чадвараа алдах байдлыг огт гаргахгүй байлгахад чиглэсэн байдаг.

Байгууллага нь аливаа аюул занал, эрсдэлийг урьдчилан тооцож илрүүлэх, үнэлэх, хянан удирдахад чиглэсэн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага, хяналтын оновчтой, үр дүнтэй, бат бөх тогтолцоог бий болгох, ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой үүрэг, хариуцлагуудыг ойлгомжтой, тодорхой байлгаж, тогтмол сургаж, хөгжүүлэх, мөн холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн ажиллаж буй эсэхэд байнгын хяналт тавьж, баталгаажуулах замаар эрүүл, аюулгүй ажлын байр, орчин, нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

Мөн байгууллага нь эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, ажлын байран дах ёс зүйд нийцсэн, хамт олны эерэг, зөв зохистой уур амьсгал, соёлыг бүрдүүлэх, нийгэм, хүрээлэн буй орчны өмнө хүлээх байгууллагын хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх зорилгоор байгууллагын бүх ажлын байр, орчныг мансууруулах бодис, согтууруулах ундааны хэрэглээнээс ангид байлгах бодлогыг баримталдаг.

Хүний эрх, эрх тэгш байдал, үл ялгаварлал

Байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх бөгөөд хууль ёсны аливаа эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, хамгаалах бодлогыг баримталдаг. Бид арьс, өнгө, нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, боловсрол, мэргэжилтэй холбоотойгоор шударга бус, ялгаварлан гадуурхсан аливаа үйлдлийн эсрэг зогсдог бөгөөд “Байгууллагын бизнесийн ёс зүйн дүрэм”-дээ аливаа төрлийн ялгаварлан гадуурхлыг хориглосон, үл тэвчсэн бодлогыг тусгаж өгч, ажилтнууддаа үүрэг болгон зааж өгсөн байдаг.  Бид ажилтнуудынхаа улс төр, нийгэм, соёлын гэх зэрэг бүхий л эрх, эрх чөлөөг хүндэтгэн үзэхийн зэрэгцээ удирдлага, ажилтнуудын бүтэц, шийдвэр гаргалтын бодлого, тогтолцоонууддаа жендерийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлогыг баримталж ажилладаг.

Түүнчлэн байгууллага нь ажилтнуудынхаа санаа бодол, хүсэлт, шаардлагыг сонсож, шуурхай байдлаар зөв зохистой, шударга байдлаар шийдвэрлэж ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөлийг байнга сайжруулахад чиглэсэн бодлогыг баримталдаг. Иймээс ажилтнуудын зүгээс дуу хоолойгоо хүссэн үедээ олон арга замаар удирдлагууд, шийдвэр гаргагч албан тушаалтнуудад хүргэж байх нөхцөлийг хангасан бодлого, тогтолцоог хөгжүүлэн ажиллаж байна. Бид “Байгууллагын бизнесийн ёс зүйн дүрэм”-ийн хүрээнд нийт ажилтнуудаас санал, хүсэлт, мэдээллийг шууд, хялбар байдлаар хүлээн авдаг системийг бүрдүүлэн амжилттай ажиллаж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА

Хөдөлмөрийн эрх тэгш байдал

Байгууллага нь арьс, өнгө, нас, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, боловсрол, мэргэжлээрээ өөр өөр олон янзын хүмүүсээр хамт олноо бүрдүүлж, хөгжүүлэн, бэхжүүлэх явцдаа ажилтан бүрт шударга, хүндэтгэлтэйгээр хандаж, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаа, амжилтад хувь нэмрээ оруулах, мөн өөрсдийн чадавхийг олж харах боломжтой, аятай таатай ажлын орчин, нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзэж, хөдөлмөрийн болон ажлын байрны эрх тэгш байдал, хүний эрхийг дээдлэх зарчмыг эрхэмлэж, чанд баримталж ажиллах бодлогыг баримтална.

Мөн байгууллага нь ажилтнуудад зохих ажил, хөдөлмөр эрхлэх, хөгжиж дэвших боломжуудыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын дагуу үнэнч, шударгаар санал болгож, сонгон шалгаруулах замаар олгох бодлогыг баримтална. Түүнчлэн байгууллагын ажилтан болон аливаа ажлын байранд сонгон шалгаруулалтад оролцох өргөдөл гаргасан бүх хүмүүст тэдгээрийн ажил, мэргэжилтэй холбоотой ур чадвар, мэдлэг, боловсрол, авъяас, чадварыг тухайн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтүүдтэй уялдуулан авч үзэж, шударгаар үнэлэн, өрсөлдүүлэх замаар сонгон шалгаруулна.

Байгууллагын удирдлага, хяналтын ажилтнууд нь бусад ажилтнууд, хамт олноо бүх талаар сайнаар үлгэрлэн, манлайлж ажиллах үүрэгтэй бөгөөд ажилтнуудыг зөвхөн гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр нь шударгаар үнэлж, дүгнэн, цалин урамшууллыг олгох бодлогыг баримталж байна.

Байгууллага нь ажлын байран дээрх аливаа дарам, хавчлагыг үл тэвчих бодлогыг баримталдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын ажилтнууд цаг ямагт харилцан бие биетэйгээ болон бусадтай шударга, хүндэтгэлтэй, ёс зүйтэй байдлаар харилцаж, холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журамд заасан ёс зүйн зарчим, хэм хэмжээнүүдийг мөрдөж ажиллахын зэрэгцээ, өөрсдийн зан байдал, үйлдлийг байгууллагын үнэт зүйлстэйгээ байнга харьцуулан, үнэлж, дүгнэж, сайжруулж байхыг үүрэг болгодог.

Оффис, ажлын байрны тохижилт

Бид ажилтнуудынхаа тав тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ажилтнуудаа холбогдох хууль, тогтоомж, стандарт, дүрэм, журмуудад нийцсэн тохилог, дулаан, хангамж сайтай оффис, ажлын байраар хангаж ажилладаг. Бид ажилтнуудаа эрүүл, аюулгүй, тав тухтай, хамт олны эерэг уур амьсгалтай орчинд ажлаа үр дүнтэй, бүтээмж өндөртэй явуулах нөхцөл бүрдүүлэхийг эрхэмлэдэг. Энэ хүрээнд бид ажилтнуудаа шаардлагатай тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл, уулзалтын өрөө, сургалтын танхим, цайны өрөө, спорт заал зэргээр тогтмол ханган, ажилтнуудынхаа сэтгэл ханамжийг байнга үнэлж, дээшлүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд онцгойлон анхаардаг бөгөөд жил бүр нийт ажилтнуудаа эрүүл мэндийн иж бүрэн үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжийг олгож, эрүүл мэндийн салбартаа тэргүүлэх эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдтэй хамтран ажиллаж, ажилтнуудаа хөнгөлөлттэй нөхцөлөөр үзлэг, оношлогоонд хамрагдах үйл ажиллагааг зохион байгуулж ажилладаг. Ингэснээр бид ажилтнууданхаа эрүүл мэндийн аливаа асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах боломжийг олгодог.

Аялал зугаалга, спортын үйл ажиллагаа

Бид ажилтнуудынхаа чөлөөт цаг завыг зөв боловсон өнгөрөөх, сурч хөгжих, хамт олонтойгоо цагийг эерэг, зугаатай байдлаар өнгөрөөх боломжийг олгох зорилгоор жил бүр ажилтнуудын дунд зохион байгуулах аялал, зугаалга, спорт, баяр, наадмын арга хэмжээнүүдийг төлөвлөж, амжилттай хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, бид жил бүр хамт олны явган аялал, “Очир Ундраа олимп” спортын наадам, Шинэ жилийн баяр, ёслолын ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд 7 хоног бүр ажилтнуудаа спорт зааланд очиж /үнэ төлбөргүйгээр/ сагсан бөмбөг, гар бөмбөг зэрэг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж өгдөг.

Ажилтнуудын гэр бүл, хүүхдийн бэлэг

Бид ажилтнуудынхаа гэр бүлд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд жил бүр эх үрсийн баяр болон шинэ жилийн баяраар ажилтнуудынхаа насанд хүрээгүй бяцхан үрсэд баярын бэлэг барьж, анхны хүүхэд бүрт мөнгөн хадгаламж нээж өгдөг уламжлалтай. Энэ байдлаар бид ажилтнуудынхаа гэр бүлийг баярлуулж, үр хүүхдийнх нь ирээдүй, гэр бүлийн сайн сайхан байдалд хөрөнгө оруулалт хийхийг эрмэлзэж ажилладаг.

Өндөр настай ажилтнуудын хүлээн авалт

Бид зөвхөн одоо ажиллаж байгаа ажилтнуудаасаа гадна өмнө манай байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ажилтнуудаа жил бүр ахмадын баяраар хүлээн авч уулзаж, ахмад туршлагатай ажилтнууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

Байгууллага нь хүрээлэн буй орчинд нөлөөлөл үзүүлж болзошгүй бизнесийн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд үүнтэй холбогдуулан хүрээлэн буй орчныг хайрлан хамгаалах, хүрээлэн буй орчны өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ухамсарлан биелүүлэх асуудалд өндөр ач холбогдол өгч ажилладаг.

Бид бизнесийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор бидний үйл ажиллагаанд нөлөөлдөг эсвэл түүний нөлөөнд хамрагддаг бүхий л оролцогч талуудын эрх ашиг, холбогдох хүчин зүйлсийг харгалзан үзэж, бүхий л төрлийн эрсдэлүүдийг үнэлж, тооцсоны үндсэнд нөөцийг хамгийн оновчтой, үр ашигтай байдлаар ашиглах, хог хаягдлыг багасгах, түүнээс хамгаалах, мөн биологийн төрөл зүйлийг хамгаалах зэрэг ажлыг нэмэгдүүлэх замаар тэнцвэртэй байдлыг зөв зохистойгоор бүрдүүлж, хадгалж ажиллахыг эрмэлздэг.

Түүнчлэн байгууллага нь бизнесийн үйл ажиллагаа, төслүүдийн гүйцэтгэл, ажил үйлчилгээний хүргэлтийг удирдан зохион байгуулах асуудлын хүрээнд хүрээлэн буй орчны менежментийн тогтолцоог зөв зохистой байдлаар бүрдүүлэн, хадгалж ажиллахыг эрхэмлэдэг. Үүнд хүрээлэн буй орчны эрсдэлүүдийг тодорхойлох, үнэлэх, удирдах, хүрээлэн буй орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, зорилтуудыг тодорхойлох, тэдгээрийг хэрэгжүүлэх, хянах, нөөцийг хуваарилах, мөн хүрээлэн буй орчны гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулах зэрэг асуудлуудыг хамруулна.

Мөн бидний үндсэн үйл ажиллагааны нэг нь байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил үйлчилгээ бөгөөд үүнийг үзүүлснээр бид байгууллагуудын хүрээлэн буй орчны өмнө хүлээж буй хариуцлагаа биелүүлэхэд нь шууд оролцох замаар тусалж, дэмжлэг үзүүлдэгээрээ өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Манай компани нийт ажилтнуудаа байгаль орчныг хайрлан хамгаалахад чиглэсэн бодлого, хандлагыг төлөвшүүлэн, баримталж ажиллахыг уриалан дэмжиж ажилладаг. Үүнтэй холбогдуулан манай ажилтнууд ажлын байран дээрээ цаас, ус, цахилгаан эрчим хүчийг хэмнэж, байгальд илүү ээлтэй бөгөөд үр ашигтай тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн хэрэгсэл зэргийг ашиглахаас гадна жил бүр мод тарих өдөрлөгт идэвхитэй оролцож байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд бодитоор хувь нэмрээ оруулан ажилладаг.

ШУДАРГА, ИЛ ТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА

Татвар, хураамж төлөлт

Бид өөрсдийн улс эх орныхоо өмнө хуулиар хүлээж буй хариуцлагаа бүрэн ухамсарлаж ажилладаг бөгөөд бизнесийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа татвар, хураамж, шимтгэлээ холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу цаг хугацаанд нь үнэнч, шударгаар төлөх замаар эдийн засаг, нийгэмдээ бодит хувь нэмрээ оруулан ажиллахыг эрхэмлэдэг. Манай групп байгууллага нь татвар төлөлтөөр хувийн хэвшлийг манлайлагчдын тоонд байгуулагдсан цагаасаа хойш зүй ёсоор орсоор ирсэн.

Авлига, хээл хахууль

Байгууллага нь авлига, хээл хахуулийн эсрэг холбогдох бүхий л хууль, тогтоомж, дүрэм, журмыг чанд баримтлан ажиллахыг эрхэмлэдэг. Бид энэ талаар баримтлах бодлогыг “Байгууллагын бизнесийн ёс зүйн дүрэм”-дээ тодорхойлж, ажилтнуудын хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой зааж өгсөн байдаг бөгөөд байгууллага нь шууд болон шууд бус авлига, хээл хахуулийн бүхий л хэлбэрийг хориглодог. Мөн үүнд энэ талаар нийт ажилтнууд холбогдох дүрэм, журмын дагуу хэрхэн ажиллах шаардлагатай болохыг зааварчилсан байдаг.

Шударга өрсөлдөөн

Байгууллага нь өрсөлдөөний тухай холбогдох бүхий л хууль тогтоомжид нийцүүлж ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаандаа чөлөөт, нээлттэй, шударга өрсөлдөөний зарчмыг дээдлэх бодлогыг баримталж ажилладаг. Мөн байгууллага нь шаардлагатай тохиолдолд өрсөлдөөний асуудал хариуцсан эрх бүхий байгууллагуудтай идэвхитэйгээр харилцан, хамтран ажиллахыг эрмэлзэнэ.

ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ, ХАМТРАГЧИД

Хэрэглэгчдийн эрх, ашгийг хамгаалах

Бид хэрэглэгч харилцагч үйлчлүүлэгчиддээ үнэн зөв мэдээлэл хүргэх, тэдгээрийн мэдээллийн нууцыг чанд сахин хамгаалах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах явдлыг чухалчлан үздэг.

Түнш, хамтрагчдын харилцаа

Байгууллагын хамтран ажилладаг түншлэгчид, нийлүүлэгчид, гэрээт гүйцэтгэгчид болон гуравдагч талууд нь байгууллагыг амжилтанд хүрэхэд чухал хувь нэмэр оруулна. Тиймээс бид тэдгээртэй найдвартай, тогтвортой харилцаа, холбоог бий болгож, харилцан хамтран ажиллахад үр дүнтэй, оновчтой удирдлага, зохион байгуулалттай байхыг эрхэмлэнэ.

Засгийн газрын харилцаа

Байгууллага нь бизнесийн үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо засгийн газрын бүрэн эрх, эрх мэдлийг хүндэтгэж үзнэ. Түүнчлэн тухайн засгийн газар болон түүний агентлагууд, тэдгээрийн албан хаагчид, ажилтнуудтай үнэнч, шударга, нээлттэй, бүтээлч, үр дүнтэй харилцаа, хамтын ажиллагааг бий болгож, хадгалж ажиллахыг эрмэлзэнэ.

БАЙГУУЛЛАГЫН ЗАСАГЛАЛ

Сайн засаглал

Байгууллагын хариуцлагын бас нэгэн чухал үзүүлэлт нь засаглал юм. Бид байгууллагын засаглалаа олон улсын сайн засаглалын зарчмуудын дагуу хөгжүүлэн, бэхжүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Бид засаглалын хүрээнд удирдлагын бүтэц, зохион байгуулалт, бодлого, тогтолцоонуудыг оновчтой, зөв зохистой, болгон бүрдүүлж хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байгаа бөгөөд нэн тэргүүнд үнэн, зөв мэдээллээр удирдлагыг цаг алдалгүй хангаж, шийдвэр гаргалтыг бодитой, оновчтой, шуурхай, зөв зохистой болгох механизмыг бүрдүүлж, ил тод, нээлттэй, өндөр хариуцлагатай гүйцэтгэлийн удирдлага, хяналтын тогтолцоог бий болгон бэхжүүлэх чиглэлээр сайжруулалт хийн ажиллаж байна.

НИЙГМИЙН ОРОЛЦОО БА ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛ

Байгууллага нь бизнесийн үйл ажиллагаа явуулж буй газар, орон нутагт үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөлөл байж болзошгүй байнга судалж, тооцож, урьдчилан сэргийлэх, бууруулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж ажиллахаас гадна тухайн орон нутгийн нийгмийн бүлгүүдтэй ил тод, нээлттэй, үнэнч шударгаар харилцан, хамтран ажиллаж, тэдгээрийн үнэлэмж, хүндэтгэлийг хүлээж ажилласнаар бизнесийн амжилттай бөгөөд тогтвортой байдлыг урт хугацаанд бэхжүүлэх нөхцөл бүрдүүлэхийг эрмэлзэж ажилладаг. Байгууллага нь бизнесийн үйл ажиллагааны хүрээнд хамрагдаж буй аливаа нийгмийн бүлгийн санаа бодол, зовниж буй асуудлууд, хэрэгцээ, шаардлагыг нь сонсож, ойлгож, эрх ашгийг нь хүндэтгэн үзэж, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд шийдвэр гаргалтад тусган, хэрэгжүүлэх замаар байгууллагын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангаж ажилладаг.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд улс орны нийгэм, эдийн засаг болон орон нутгийн тогтвортой хөгжил, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьдог бөгөөд нутгийн иргэд, малчид, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлуудыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.